Аливаа өвчин эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, эмчийн зөвлөсөн тунгаар, хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглээрэй.
Та хэрвээ эмчид үзүүлэхээс өмнө ямар нэгэн эм хэрэглэж эхэлсэн бол эмчид үзүүлэхдээ түүнд заавал мэдэгдээрэй. Энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс хамт хэрэглэхийг хориглосон эмийг нэг дор хэрэглэх, ижил үйлдэлтэй эмийг хавсран хэрэглэснээс тун хэтрэх зэрэг сөрөг нөлөө гарч болно.
Эмийн санд жоргүй олгодог эмийг бие даан хэрэглэж болох боловч түүнийг аюулгүй хэрэглэхийн тулд тухайн эмийг худалдаж авахын өмнө эмийн санч болон тухайн эмийн “ хэрэглэх заавар”-аас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.
Зарим нийлмэл найрлагатай эмийн нэр нь өөр боловч ижил үйлчлэгч бодис агуулсан байдаг. Тухайлбал: Эмийн санд жоргүй олгодог ханиаданд хэрэглэдэг ихэнх эмийн найрлаганд парацетамол орсон байдаг тул эмийг худалдаж авахын өмнө найрлагыг сайтар анхаарч давхардуулан хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Хэтэрхий олон эмийг нэг дор хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, харилцан үйлчлэлийн улмаас эмчилгээний үр дүнд нөлөөлж болох тул зөвхөн шаардлагатай цөөн эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Эмийг хэдэн удаа хэрэглээд өвчний зарим шинж тэмдэг арилсан ч заасан хугацааны турш дуустал хэрэглээрэй.
Нярай болон бага насны хүүхдэд эм хэрэглэхэд тунг нарийн тохируулах шаардлагатай тул эмчээс зөвлөгөө авч хэрэглэх шаардлагатай.
Жирэмсэн болон хөхүүл эхийн хэрэглэсэн эм ураг болон хүүхдэд сөрөг хортой нөлөө үзүүлж болох тул эмийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жирэмсний энхий 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчид даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй.
Эмийг буруу хадгалснаас хугацаа нь дуусаагүй боловч эмчилгээний үйлдэл нь буурч, чанараа алдан эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул эмийн шошго дээр заасан нөхцөлд зөв хадгалаарай.